|
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи ХХ зууны эхэн үе буюу 1924 онд Монголын ард түмэн үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүхэн тэр жил эх орондоо нийгэм, улс төр, аж ахуйн удирдах боловсон хүчин бэлтгэдэг боловсролын ууган байгууллага болж анхныхаа шанг татсан баялаг түүхтэй эрдмийн их өргөө юм.
Манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш улс орны хөгжил дэвшил, түүхэн цаг үеийн хэрэгцээ шаардлагын дагуу арав гаруй удаа янз бүрийн хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байлаа.
Хамгийн сүүлийн томоохон өөрчлөлт 1999 онд хийгджээ. Энэ өөрчлөлтөөр тухайн үед Монгол Улсад удирдахуйн ухаан, төрийн бодлогын чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлдэг байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулж, төрийн захиргаа, нийгмийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ эрхлэх чиг үүрэг Засгийн газрын байгууллага- Удирдлагын академийг байгуулсан юм.
Өөрчлөлт бүхэн тус сургуулийн эрдмийн хамт олныг хөгжил дэвшлийн шинэ, бүтээлч эрэл хайгуулд хөтөлж, сургуулийн маань хөгжилд шинэ боломжийг нээж, бас шинэ амжилтанд хүргэж байв.
Монгол Улсын түүхэн хөгжлийн ээдрээ нугачаатай аль ч үед манай эрдмийн хамт олон үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, эх орондоо төрийн захиргаа, бизнес, нийгмийн удирлагын чиглэлээр мэрэгшсэн удирдах ажилтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, магистр, докторын зэргийн сургалт явуулах, судалгаа хийх, зөвлөлгөө өгөх ажлыг үндэсний хэмжээнд хариуцан гүйцэтгэх, нэгтгэн зохион байгуулах талаар амжилттай ажиллаж ирлээ.
Манай төгсөгчид өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт төрийн үйлчилгээ, бизнесийн болон нийгмийн салбарын хөдөлмөрийн хамт олныг удирдан манлайлж, хилийн чанадад эх орныхоо нэр төрийг өндөрт өргөн төрөлх сургуулийхаа нэрийн хуудас нь болж байдгийг бахархан тэмдэглэж байна.
Эдүгээ Академийн эрдмийн хамт олон сонсогчид, магистрант, докторантуудын суралцах, багш профессоруудын ажиллах нөхцөл, сургалтын орчныг сайжруулах, сургалтын зохион байгуулалт, агуулга, технологийг боловсонгуй болгох, судалгаа, зөвлөлгөө өгөх үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байгаа гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэн судлаачид, манайд суралцах сонирхолтой байгаа хэн бүхэнд Академийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Манай сургуультай хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, эрдэмтэн профессорууд, бүх түншүүддээ Академийн захиргаа, Эрдмийн зөвлөл, багш профессорууд, нийт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.
АКАДЕМИЧ, ПРОФЕССОР Г.ЧУЛУУНБААТАР
|